Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодруулга хийжээ.
-“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа явуулж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн ба прокуророос хэргийг хянаад, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий 4 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Ч-ыг “хүнийг алахыг завдсан”, “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт, тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Г-г “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн”, мөн “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан ба одоо аймгийн Цагдаагийн газраас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Ганзориг “Намайг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэж яллагдагчаар татсан” талаар өөрийн цахим хуудсанд мэдээлэл оруулсан байсан. Б.Ганзоригийг бичлэг хийж худал мэдээлэл тараасан гэж буруутгаад байгаа юу, энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл?
-Энэ нь ташаа мэдээлэл байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн засаг дарга Б.Ганзоригийг дээрх хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 2 хүнийг ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй болно.
Эх сурвалж: УЕПГ