Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-ын ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ бодлого Монголд яаж хэрэгждэг вэ?



Их гүрнүүдийн зөөлөн хүчний бодлогын хэрэгжилтийн талаарх судалгааг Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаачид хийгээд буй юм. Хүйтэн дайны дараагаас эхлээд дэлхийн геополитикийн бодлогод гол нөлөө үзүүлдэг их гүрнүүд өөрсдийн байр суурь, нөлөө, ашиг сонирхлоо хадгалж үлдэхийн тулд уламжлалт бус дайны арга хэлбэр болох зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Хятад улсын зөөлөн хүчний бодлогын замнал хийгээд өнөөдрийн нөхцөл байдлын талаар өмнө нь хүргэсэн бол энэ удаад манай гуравдагч хөрш болох АНУ-ын зөөлөн хүч Монгол Улсад ямар хэлбэрээр хэрэгжиж байгаа вэ гэдгийг судалгаанаас эшлэн хүргэе.
АНУ-ын Засгийн газраас үзүүлж буй тусламж нь Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу USAID), Мянганы сорилтын корпорацын хэрэгжүүлэх төслүүд болон батлан хамгаалах чиглэлээр түлхүү хэрэгжиж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА) нь жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн хүртээмжийг хөнгөвчлөх, залуу манлайлагчдыг хөгжүүлэх, Монгол Улсыг бие даасан эрчим хүчний салбарт шилжихэд дэмжлэг үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийг даван туулах чадавхыг бий болгох чиглэлээр хөтөлбөрүүд  хэрэгжүүлдэг. Мөн Ковид- 19-тэй тэмцэхэд Монгол Улсад томоохон дэмжлэг үзүүлсэн. ОУХА-ын Монголд хэрэгжүүлэх 2023-2028 оны стратегийн хүрээний зорилго нь Монгол Улсыг Энэтхэг- Номхон далайн бүс нутагт бие даасан, сайн засаглалтай, цэцэглэн хөгжсөн түнш болгох зорилготой.
АНУ 2008 оны есдүгээр сараас 2013 оны есдүгээр сарын хооронд “Мянганы сорилтын компакт гэрээ” -гээр дамжуулан хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд Улаанбаатар хотод усны чухал дэд бүтцийг бий болгох 350 сая ам.долларын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны гуравдугаар сард хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна.
АНУ-ын Засгийн газрын зорилтот тусламж нь сайн засаглал, хууль дээдлэх ёсыг дэмжих; ардчилсан удирдагчдын дараагийн үеийг төлөвшүүлэх; иргэний нийгмийг бэхжүүлэх; хувийн хэвшилд тулгуурласан өсөлт, эдийн засгийн төрөлжилт, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой. АНУ-ын Засгийн газар Олон улсын хар тамхи, хууль сахиулах хөтөлбөр (INL), АНУ-ын холбооны болон орон нутгийн хууль сахиулах түншүүдээр дамжуулан Монголын хууль сахиулах чадавхыг хөгжүүлж, цагдаагийн байгууллагуудын хоорондын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар үндэстэн дамнасан гэмт хэрэг, жендэрт суурилсан хүчирхийлэл, санхүүгийн гэмт хэрэг, авлигатай тэмцдэг.
 
Боловсрол соёлын солилцоо
АНУ-ын Засгийн газраас санхүүждэг боловсрол, соёлын солилцооны тэтгэлэгт олон хөтөлбөр Монголд хэрэгжиж байна. Тухайлбал, Фулбрайтын магистрын түвшний сургалт, бизнесийн болон бусад салбарын манлайлагч, мэргэжилтнүүдийн зэргийн бус, богино дунд хугацааны, англи хэлний багш нар, сурагч болон оюутан, залуу эмэгтэйчүүдэд зориулсан сургалтын, мэргэжлийн болон соёлын солилцооны зэрэг хөтөлбөрийн хүрээнд жил бүр 120 орчим монгол иргэд АНУ-д очдог.
АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг олон улсын оюутны статистик мэдээлэлд дурдсанаар тус улсад суралцаж буй Монгол оюутны тоо 2008 оноос хойш төдийлөн нэмэгдээгүй бөгөөд 2021, 2022 оны байдлаар 1355 оюутан хувийн болон бусад шугамаар тус улсад суралцаж байна.
АНУ нь 2004 оноос эхлэн “Америкийн төвүүд”-ийг Улаанбаатар хот, бусад аймгийн нийтийн номын сантай хамтран нээж, англи хэл сурч буй хүмүүс болон олон нийтэд зориулсан нээлттэй арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна АНУ-ын төрийн баримт бичиг, улс төр, нийгэм, түүх, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, англи хэлний сурах бичиг, гарын авлага, материалуудаар үйлчилдэг.
Боловсрол, соёлоор дамжин зөөлөн хүчний бодлого хэрэгжиж буй өөр нэг хэлбэр бол АНУ-д суралцан төгсөгчид, Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн төгсөгчдийн холбоод юм. АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Монгол Улсад 2016-2021 онд хэрэгжсэн залуу манлайлагчдад зориулсан “LEAD Mongolia” төсөлд 25-40 насны 230 залуусыг хамруулсан бөгөөд тус хөтөлбөрийн төгсөгчид нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд улс төр болон нийгмийн салбаруудад манлайлан оролцож байна.
Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, АНУ-ын Төрийн Департаментын “Education USA” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авч сүүлийн гурван жилийн хугацаанд 11 аймгийн 30 гаруй мянган оюутан, сурагчдад Америкийн боловсролын талаарх мэдлэг, мэдээллийг хүргэхээс гадна үндэсний хэмжээнд National Enrichment Program хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ. Тус холбооны гишүүдийн эгнээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд олон бий.
 
Медиа болон энтертайнмент салбар
Кино урлаг, дуу хөгжим, телевизийн хөтөлбөрүүд, спорт зэрэг энтертайнмент салбараар дамжин илрэх Америкийн зөөлөн хүчний нөлөө Монгол Улсад, ялангуяа залуу үеийнхний дунд их байна. Тухайлбал, 2021 онд 18-35 насны 1800 гаруй Монгол залуучуудыг хамруулсан судалгаагаар 68 хувь нь Америк буюу англи хэлээрх кино, дуу хөгжим, телевизийн хөтөлбөрийг үздэг гэж хариулсан бөгөөд хамгийн их сурахыг хүсэж буй гадаад хэлээр англи хэл (62 хувь), очиж суралцахыг хүсэж буй улсаар АНУ (46 хувь)-ыг нэрлэсэн байна. Энэ нь Монголын залуу үеийнхний дунд Америкийн зөөлөн хүч хэл, боловсрол, соёл, урлагаар дамжин илэрч буйг тодорхой харуулна.     
 
Шашны эрх чөлөөний дэмжлэг
Монгол Улсын иргэн аливаа шашныг шүтэх, эс шүтэх нь хуулиар олгогдсон эрх мөн боловч гадны улс орон, байгууллага шашнаар дамжуулан манай улсад нөлөөгөө бий болгохыг зорих нь бий. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, нээлттэй болсноос хойш Христийн болон бусад шашны урсгалууд хүч түрэн орж ирсэн. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор шашин шүтдэг хүн ам (нийт хүн амын 61.4 хувь)-ын 3.5 хувь нь христийн шашинтай байсан бол 2020 онд нийт шашин шүтдэг хүн амын тоо буурч (59.4 хувь), түүнийг даган христийн шашинтны эзлэх хувь 2.2 хувь болсон. Гэхдээ шашны зарим урсгал тухайлбал, 1992 онд Монголд нэвтэрсэн Мормоны урсгалыг дэлгэрүүлэгч гол байгууллага болох Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм гэхэд 24 цуглаан, 9 гэр бүлийн түүхийн төв байгуулан, 12.477 гишүүнтэй болоод байгааг дурдах нь зүйтэй.
Америк, Монгол дахь хувь хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг дэмжиж, өөрийн байр суурийг ЭСЯ болон холбогдох албан тушаалтнуудаар дамжуулан илэрхийлж ирсэн. Тухайлбал, АНУ-ын Төрийн департаментын Олон улсын шашны эрх чөлөөний газрын ажилтнууд төрийн холбогдох албан хаагчидтай шашны байгууллагуудад олгодог тусгай зөвшөөрлийн асуудлаар шашны бүлгүүдийн төлөөлөлтэй шашин шүтэх эрх чөлөөний байдлын талаар ярилцахаар Улаанбаатар хотод 2022 оны 11 дүгээр сард айлчилсан. АНУ-ын Элчин сайд болон төлөөлөгчид УИХ-ын гишүүд, ҮАБЗ, ЕТГ, ГХЯ, ХЗДХЯ, НИТХ, аймаг, хотын захиргаадын удирдлагатай уулзах үеэр шашны эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.
Мөн АНУ-ын Элчин сайд Улаанбаатар хот болон аймаг, орон нутаг дахь шашны төвүүдээрайлчилж, тэргүүнүүдтэй уулзалт хийх, дугуй ширээний ярилцлага зохион байгуулах, нийгмийн сүлжээнд мэдээлэл оруулах зэргээр шашны эрх чөлөөг сурталчилдаг.
 
Энхтайвны корпусын үйл ажиллагаа
Америк болон Монгол хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой Энхтайвны корпус 1991 оноос хойш 1500 гаруй сайн дурын ажилтнаа манай улсад илгээж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг бизнес эрхлэгчид, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ковид-19 цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд завсарлаад байсны эцэст 2022 оны 10 дугаар сард 27 сайн дурын ажилтан Монгол Улсад ирж их, дээд, мэргэжлийн болон дунд сургуулиудад англи хэл заахын зэрэгцээ монгол ахуйтай танилцан, нийгмийн ажилд оролцож байгааг судалгаанд дурджээ.

https://news.zindaa.mn/4na1
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ