Японд жилээс жилд эзэнгүй хаягдах байшингуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд Засгийн газар нь эдгээр байшингуудыг маш хямд үнээр дуудлага худалдаанд оруулдаг талаар The Epoch Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, япончууд хаягдсан байшингуудыг "хий үзэгдэл -байшин" хэмээн нэрлэдэг аж. Эдгээр байшингууд ихэвчлэн орон нутагт байх бөгөөд "акия" хэмээн нэрлэгддэг, эдгээр хөдөөгийн уламжлалт хэв маягаар баригдсан байшингуудыг эзэнтэй болгохын тулд Японы Засгийн газар орон нутгийг сэргээх кампанит ажил эхлүүлжээ.
2018 онд явуулсан орон сууц, газрын тооллогоор Японд 8,5 сая байшин эзэнгүй хаягдсан гэсэн дүн гарчээ. Энэ нь тус улсын орон сууцны сангийн 14 хувийг эзлэж байгаа юм. Эзэнгүй хаягдсан байшингуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд Nomura Research Institute-ийн гаргасан судалгаагаар одоо ийм байшингийн тоо 11 саяд хүрсэн, 2033 он гэхэд хаягдсан байшин Японы орон сууцны санд эзлэх хувь нь 30 хувь болох гэнэ.
Судлаачдын өгүүлснээр, өв залгамжлагч байхгүйн улмаас байшин хаягддаг, үүний зэрэгцээ зарж чадахгүй үл хөдлөх хөрөнгөд залгамжлагчид нь их мөнгө зарцуулахгүйн тулд эзэнгүй орхидог аж.
Түүнчлэн орон нутгаас шилжигсдийн тоо нэмэгдсэн, хүн амын хөгшрөлт их, төрөлт бага байгаа зэрэг нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа аж. Өөр нэг шалтгаан нь япончуудын сүсэг бишрэлтэй холбоотой бөгөөд япончууд ийм байшингуудад муу санаат сүнс орогносон байдаг гэж үздэг гэнэ.
Японы Засгийн газар хаягдсан байшингуудыг эзэнтэй болгохын тулд тусгай аян өрнүүлж, Akiya banks нэртэй сайт ажиллуулж эхэлсэн байна. Энэ сайт дээр худалдах эсвэл түрээслэх байшингуудын мэдээллийг оруулжээ. AD Magazine сэтгүүлийн мэдээлснээр, энэ сайт дээр байршуулсан байшингуудыг америкчууд ихээхэн сонирхож байгаа гэнэ. Орон нутгийг сэргээх энэхүү аяны хүрээнд эрх баригчид хүүгүй зээл олгох, татварын хөнгөлөлтөд хамруулах саналыг ч тавьж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/550220