Найман парламентын турш давхардсан тоогоор 78 эмэгтэй гишүүн УИХ-д сонгогдсон байдаг. Харин өнгөрсөн 2020 оны сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдож, хамгийн их эмэгтэй гишүүнтэй парламент болсон. Сонгуулийн хуулиараа ч дахиад эмэгтэйчүүдийн тоог нэмэх гэж байна. Товчхондоо жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн төлөөллийг улс төрд нэмэх зорилгоор эмэгтэй гишүүдийн квотыг үе үеийн сонгуулиар нэмж ирсэн. Тэгвэл энэ удаагийн парламентын УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнгөрсөн хугацаанд тойрогтоо юу хийж, улс орны төлөө ямар хууль санаачилсан бэ гэдгийг бид нэхэн сануулж буй.
Тэдний нэг нь Сонгинохайрхан дүүргийн буюу УИХ-ын 27 дугаар тойргийг төлөөлж, УИХ-д сонгогдсон нь Б.Жаргалмаа гишүүн юм. Тэрбээр хэвлэл мэдээллийн байгуулагд 21 жил ажилласан туршлагатай. Тиймдээ ч олны дунд танил дүр болж чадсан нэгэн. Улмаар 2020 онд түүнийг сонгуульд нэр дэвшихэд иргэд УИХ дахь сэтгүүлчдийн буухиаг үргэлжлүүлэх ээлжит гишүүнээр нэрлэж, нийгмийн сайн муу, сайхан муухайг бодитоор мэдэрсэн, түүнийгээ илэрхийлэх чадамжтай нэгэн гэж битүүхэн горьдлого тээж төрд илгээсэн. Харин одоо тэр хүлээлтэд хүрэхгүй, хөгтэй гишүүдийн эгнээнд бичигдэж, олны өмнө овлигогүй дүртэй улстөрч болж төлөвшлөө.
Тухайлбал, Б.Жаргалмаа УИХ-ын гишүүн болсныхоо дараахан Байнгын хорооны хурал дээр “Хүмүүс хөдөлмөр эрхэлж, ажил орлоготой байхыг хүсэж байна. Төр, Засаг нь төсвийг нь шийдээд өгвөл хөдөлмөр эрхлэх сонирхол байна. Төрийн бодлого алдаатай, дунд шатандаа ажил хийхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй биш уйлдаг болгох ёстой бид” гэж цэцэрхэж байсан удаатай. Энэ нь сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан хүний хувьд тэр бүр гаргаад байхааргүй том алдаа байв. Өөрөөр хэлбэл, 20 гаруй жил телевизийн эфирт суусан хүн наанадаж, үг хэл нь цэгцэрчихсэн, ард түмэнд юуг хэлж, юуг хэлэхгүй байх ёстой вэ гэдгийг хэлүүлэлгүй мэддаг болчихсон баймаар. Харамсалтай нь, эрхэм түшээд хуучаа ярих гэж байгаад хулгайгаа ярьдгийн үлгэрээр орж, ард түмнээ айхтар тохуурхсан даа.
Нэг ёсондоо тэрбээр төрд төлөөллийн үүргээ биелүүлж чадахгүйгээр барахгүй, хууль тогтоох дээд байгууллагад дэндүү жижигдэж байгаагаа харуулсан гэхэд буруудахгүй биз ээ.
Б.Жаргалмаа гишүүний хөгтэй явдал үүгээр дууссангүй. Тойргийнхоо сонгогчдын өмнө хэлэх үгүй, хийсэн ажилгүй байгаагаа батлах шиг цахим орчинд аргаа ядсан зургууд нийтэлж байсан нь ганц нэгээр тогтохгүй. Хамгийн сүүлд гэхэд л Үндсэн хуулийн ухуулга хийж явахдаа үзэг, дэвтэр барьчихсан өвөө, эмээ нартай ихэд дотночлох аястай зургаа даруулж, "Үнийн өсөлтийг хязгаарлана” гээд хүнсний дэлгүүрүүдээр орж яваа харагдсан. Мөн “Сонгинохайрханы хүүхдүүд 20 гаруй км түгжирч кино үзэхээр хот руу явдаг байдлыг зогсооно” гэх амлалт ч өгөөд амжина лээ.
Тэрбээр өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүргийн зах, худалдааны төвд ажиллаж, үнийн хөөргөдөл, инфляцын өсөлтийн шалтгааныг захаас хайж, сүрхий зураг даруулж, сүржин мэдээ гаргаж байлаа. Угтаа бол бодлого боловсруулж, хууль санаачлах, Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй гишүүд бүтэн гурван жил Их хуралд суучихсан хэр нь өнөөдрийг хүртэл хөлөө олохгүй цэрэг шиг хөглөж яваагийн жишээ энэ байна даа.
Түүнчлэн Б.Жаргалмаа гишүүн цар тахлын үед нисдэг тэрэг хөлөглөн Минжийн заставд нэр бүхий эмэгтэй гишүүдтэй хамт очиж, халдвар хамгааллын дэглэм барихгүй, хууль зөрчсөн гэх дуулианд ч нэр холбогдоод амжсан.
Энэ мэт түүний талаарх олон хоржоонтой явдал, хөгтэй баримтууд ар араасаа хөвөрч байна. Дахин сануулахад УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа гишүүн болсноосоо хойш ард түмний өмнө хийсэн ажилгүй хэлэх үггүй кнопны барьцаатай л гишүүн болж дээ.
https://ergelt.mn/news/46/single/33909