Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ямаа самнахын эцэсгүй цаг хатуурч, иргэд ноолуураа 100 мянгаар ч өгч чадахгүй нь


НООЛУУРЫН ҮНЭ 20-30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УНАЖ, 110-120 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖЭЭ

       Цаг сайхан бол малчид өдийд эр ямаагаа самнаад ноолуураа боломжийн үнээр өгчихсөн байгаа. Даанч энэ жил Увс, Завхан, Говь-Алтай Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гээд монгол орны нийт нутгаар хаваржилт хүндэрч, хэдэн ямаа нь сөхөрч унаад самнуулах шинжгүй. Мал, малчин хоёр нь хахир өвлийг арай ядан давж, хамар хатгах өвсгүй хавартай золготол улаан шороо эргээд салахгүй нь. Зарим нутгаар нойтон цас их хэмжээгээр орж мал өлдөж, зарим нь хоттой хонио цас, шуурганд даруулаад дуусаж байгаа гэнэ. Ийм зутруу цагт ноолуур боломжийн үнэтэй байлаа ч ченжүүд нь шороотой байна гэж голоод авдаггүй зовлон бий. Энэ жил зүүн аймгийн ноолуур 120-160 мянга, төвийн аймгуудын нутгаар 130-140 мянган төгрөгөөр гарсан. Харин "Эмээлт" захын ченжүүд хуучин ноолуур 100 мянган төгрөгөөр авч эхэлсэн. Гэтэл иргэдийг ямаагаа самнаж амжаагүй байтал нь ноолуурын үнэ 20-30 мянган төгрөгөөр унаж, иргэд арай хийж самнасан хэдийнхээ ноолуурыг 100 мянган төгрөгөөр ч болтугай өгч чадахгүйд хүрээд байгаа. Тухайлбал, баруун аймгийн ноолуур 110, зүүн аймгийн ноолуур 120, төвийн аймгуудын ноолуур 110 мянган төгрөг болж буурчээ. Тиймээс зарим аймаг, сумдын ченж нар иргэдийн ноолуурыг олж, шилсээр 80-90 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ.

ИРГЭД: НООЛУУРЫН ГАРЦ МУУ, ХАВАРЖИЛТ ХҮНД БАЙГАА УЧИР ТАВДУГААР САРААС ЯМААГАА САМНАНА

        Дөрөвдүгээр сард хэд хэдэн удаагийн давтамжтай цасан болон шороон шуурга шуурч, цаг хатуурсан. Энэ өдрүүдэд бог, бодгүй өргүүлж, мал нь жилбэ муутай төллөж байна. Тиймээс малчид хурга, ишгээ нэг нэгэнгүй барьж хөхүүлэх, угжихаас эхлээд хаврын хавсарганд борви бохис хийх завгүй зүтгэцгээж байгаа. Ямаа самнахын эцэсгүй муудсан дээр нь гарч муу, шороо ихтэй байгаа учир малчид “Ямаагаа самнах гэж яаралгүй тавдугаар сарыг хүргэнэ. Ноолуурын үнэ буурсан ч даруйхан самнахын эцэс алга. Сайн хөөрүүлж байгаад л самнана” хэмээж байна. Зарим бүлтэй, хөдөлмөрч айлууд нь ноолуураа үндсэн үнээр нь өгөхийн тулд ямааныхаа гуя, зоо нуруунд нь шигдсэн шороог тоос сорогчоор соруулж байгаад самнадаг гэнэ. Энэ жилийнх шиг ноолуур үнэтэй жил ченжүүд малчдын ноолуурыг голж, шилэх нь ихсэж, шуудайтай хэдийг нь хага, хага татаж хаячихаад голоод шидчихдэг аж. Энэ жил цаг тааруу байгаа учир нолуур хэчнээн үнэтэй байлаа ч өмнөх жилүүдийнхээс бага ноолуур хятад руу гаргах шинжтэй.

НЭГ ЯМААГ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР САМНАЖ БАЙНА

           Хаврын хавсарга, шуурганд малтайгаа цуг туйлдсан малчид нуруугаа амрааж, ямаагаа хүнээр самнуулах гэтэл хөдөлмөрийнх нь хөлс нэмэгджээ. Ганц, хоёрхон жилийн өмнө 5-7 мянган төгрөгөөр самнуулдаг байсан бол энэ жил нэг ямааг 10 мянган төгрөгөөр самнах ханштай байна. Мөнгөөр ямаа самнадаг хүмүүс ченжүүд шиг ноолуур гарахтай зэрэгцээд ханшаа тогтоочихдог бололтой. Тэднийг өдөрт 50 ямаа самналаа гэж бодоход 500 мянган төгрөгийн ашигтай. Харин нэг сар өдөрт 50 ямаа самнахад 15 сая төгрөг олох боломжтой юм билээ. Тиймээс ямаа самнах сонирхолтой хүмүүс ихсэж, малчны хотыг зорих болсон.
ХОНИНЫ ЦУЛ МАХ 11-12 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
     Нийслэлчүүд хаврын улиралд шинэ шөл ууж, яргуй идсэн ямааны мах идэхээр “Эмээлт” захыг зорьдог. Энэ жил ихэнх нутгаар хаваржилт тааруу байгаа учир “Эмээлт”-д мал бага байна. Тиймээс “Хүчит шонхор”, “Дэнжийн мянга” захад цул  мах ямар үнэтэй байгааг танилцуулъя. Дээрх худалдааны төвүүдэд ястай ямааны мах 9200-9500, цул нь 10500-11000, хонины цул нь 11000-12000, үхрийнх 16000-18000, адууных 9300-9500 төгрөгийн үнэтэй байна. Харин тэмээний цул мах 10500 төгрөгийн ханштай байна. Удахгүй “Эмээлт” захад мал ихэсэхийн хэрээр худалдан авалт нэмэгдэнэ.

https://ergelt.mn/news/21/single/32339
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ