Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Борц” болсон эдийн засаг

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааг зурагт, цахимаар үзэгчдэд хүргэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Энэ бол “Ковид-19” өвчнөөс сэргийлж буй арга. Олон хүн цуглуулахгүйгээр наадмыг зохион байгуулахаар хэлэлцэж байх зуурт Улаанбаатарын нэг хэсэгт хүний бөөгнөрөл болж байна. Тэр газар бол “Нарантуул” худалдааны төв. Тэндээс хүмүүс бараа, бүтээгдэхүүн худалдан авч бужигнана. Наадам, “Нарантуул” худалдааны төв хоёр “Ковид-19” цар тахлын үеийн эдийн засгийн зөрчлийг харуулах бодит жишээ юм.
“Ковид-19” өвчин тархахаас сэргийлж, наадмыг хүмүүс бөөгнөрүүлэхгүйгээр тэмдэглэх шийдвэр гаргаж байна. Гэтэл “Нарантуул” худалдааны төв олны хөлд дарагдсаар. Хүмүүс бөөгнөрөөд байна гээд уг төвийг хаавал олон бизнес зогсож, худалдаачдын амьжиргаа дордоно. Иймээс эл төвийг ажиллуулсаар байгаа.
Хөл хорио тогтоох тусам эдийн засгийн идэвх суларна. Харин чөлөөтэй тавих тусам идэвх нь сэргэнэ. Гэвч хөл хорио тогтоохгүй бол аюулт өвчин тархаж, гай тарж мэднэ. Ийм нөхцөлд Засгийн газар эдийн засгаа бодох уу, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах уу гэдэг ацан шалаанд орчихоод байна. Хоёуланг нь бодох ёстой нь эргэлзээгүй.
Засгийн газраас хүүхдийн мөнгийг зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөгөөр тооцож олгох шийдвэр гаргасан. Тэгэхээр дөрвөн хүүхэдтэй айл сард 300 мянган төгрөг авч буй юм. Хүүхдийн мөнгийг өнгөрсөн долоо хоногт тараасан. Ингэснээр “Нарантуул” худалдааны төвийн наймаачдын орлого хоёр дахин нэмэгдсэн гэх. Худалдаачид “Мөнгөгүй байсан иргэд гар дээрээ хэдэн төгрөг тавингуут хэрэгцээт зүйлээ худалдан авч байна” гэж ярилаа. Энэ бол эдийн засгийн судсаар мөнгө хэмээх цус гүйж эхэлснийг илтгэх баримт. Тэгэхээр эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засагт мөнгө нийлүүлэх шаардлагатай нь тодорхой харагдаж байна.
Мөнгийг зах зээлд олон янзаар нийлүүлэх боломжтой. Бэлнээр тарааж болно. Арилжааны банкны зээлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болно. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зах зээлд мөнгө нийлүүлж болох юм. Засгийн газар төсвийн тодотгол хийхгүй гэж мэдэгдэж буй. Сангийн сайд төсвийг тодотговол эдийн засгаа борц болгоно гэж эмээж буйгаа тайлбарладаг. Тэгвэл эдийн засагчид төсвийг тодотгоод, зардлыг нь бууруулахгүйгээр зарцуулалтыг нь хямралын эсрэг чиглүүлж, ажлын байрыг хамгаал гэж ятгадаг. Төсвөөс тараах хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлснийг хямралын эсрэг авч буй арга хэмжээ гэж ойлгож болно. Энэ нь ч нөлөөгөө үзүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг нэмэгдүүлж буйг “Нарантуул” захын наймаачны орлого хоёр дахин өссөнөөр тайлбарлаж болох юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Мөн энэ оны эхний дөрвөн сард төсвийн орлого 404 тэрбум төгрөг буюу 14 хувиар буурчээ. Эдийн засаг үлэмж хэмжээгээр агшаад эхэллээ. Хагас жилийн үзүүлэлтээр эдийн засгийн агшилт улам гүнзгийрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэх биз. Энэ оны төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Тэгвэл эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 404 тэрбум төгрөгөөр тасраад байна. Одоогоор улсын төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Хагас жилийн дүнгээр төсвийн алдагдал 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дараагийн Засгийн газар үлэмж хэмжээгээр агшсан эдийн засаг, алдагдал нь гаарсан төсөв хүлээж авах нь гарцаагүй боллоо. Шинээр томилогдох Сангийн сайд асуудлыг хөрсөнд дээр нь буулгаж, бодитоор хараад төсвөө тодотгоод хямралтай “дайтах” байх гэж найдъя. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ багассан, төсвийн орлого буурсан нь эдийн засаг аль хэдийн борц болсныг илтгэх үзүүлэлт. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгаа борцлохгүй” гэж ярьдаг. Гэвч тэр эс үйлдлээрээ эдийн засгаа борцолж байгаа хүн. Зээлийн батлан даалтын санг хөрөнгөжүүлж, хувийн хэвшлийнхэн баталгаа гаргаж өгье гэсэн санаачилга гарсан ч Засгийн газар дэмжээгүй. Мөн зээлийн хүүгийн тодорхой хэсгийг төрөөс дааж, ажлын байрыг хамгаалъя гэсэн санаачилга гаргасан ч бас дэмжээгүй. Эдийн засаг хумигдахын хэрээр аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа ажлаас чөлөөлж байна. Аялал жуулчлалын салбарынхан ажилчдаа аль хэдийн цомхотгоод эхэлсэн. Ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй бол ажилтнуудаа цомхотгоход бэлэн болсон, санхүүгийн хүндрэлд орсон компаниуд олон бий.
Эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах нэгэн түлхүүр Засгийн газарт бий. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашиг. Нийт 2.5 сая иргэнд хувьцааны ногдол ашиг тараахад 179 тэрбум төгрөг зарцуулах учиртай. Энэ мөнгийг эрт тараавал эдийн засгийг идэвхжүүлэх юм. Гэвч Засгийн газар тараах хугацаагаа товлоогүй байна. Иргэд хүлээсээр байгаа ч Засгийн газар мөнгийг нь хав дараад суучихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү 60 тэрбум төгрөг шилжүүлсэн. Гэтэл Сангийн яам мөнөөх мөнгийг нь Төрийн сан руу татаад авчихжээ. Тус компани дахин 30 тэрбум төгрөг шилжүүлэхээр зэхжээ. Нийт 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах боломж одоогоор бүрдээд байна. Гэвч Засгийн газар яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, мөнгийг хав даран суусаар. Иргэд, ялангуяа хувийн хэвшилд ажиллагсдын гар дээр бэлэн мөнгө байхгүй болсон. Уг нь иргэдийн гар дээр мөнгө тавивал эдийн засгийг идэвхжүүлж, агшихыг нь зогсооход дэмтэй сэн. Дараагийн Засгийн газрын тэргүүн борц болсон эдийн засгаа өндийлгөх гэж их зовох бололтой.  
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ