Дэлхийн хүн ам өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн. Гэвч хөгжингүй орнуудад хүн амын өсөлт хурдацтайгаар удааширч, зогсонги байдалд орж байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Тэр дундаа Хятадын хүн амын тоо цөөрсөөр байгаа нь дэлхийн хувьд муу ёр гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Асар том Хятад улс нь 1.4 тэрбум хүн амтай. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх таван хүн тутмын нэг нь Хятадад амьдардаг гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн 2022 онд л гэхэд тус улсын хүн ам 850 мянгаар хорогдсон байна. Гэвч энэ бол зөвхөн эхлэл гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Энэ оны төгсгөл гэхэд Энэтхэг улс хүн амын тоогоороо дэлхийд түрүүлэх бөгөөд ойрын хэдэн жилийн дотор хөдөлмөрийн насныхны /20-69/ тоогоороо Хятадыг гүйцнэ.
Хэрэв Хятадад төрөлт энэ хэвээр хамгийн доод хэмжээнд байсаар байвал энэ зууны төгсгөл гэхэд хүн амынхаа талыг алдаж, 700 саяд хүрэхгүй хүн үлдэнэ гэж НҮБ-аас тооцоолжээ. БНХАУ-ыг тунхагласнаас хойш хөдөлмөрийн насны хүн амын тоо хангалттай хэмжээнд байсны ачаар Хятад нь дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч орон болж чадсан. Өдгөө нарны зай хураагуурын 70 хувь, хөдөө аж ахуйн техникийн 60 хувь, роботын эд ангийн 25 хувийг Хятадад үйлдвэрлэж, дэлхий дахинд нийлүүлж байна. Үйлдвэрлэлийн ур чадвар, нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой учраас Хятадын хөдөлмөрийн насны хүн ам буурах нь дэлхийн эдийн засагт шууд нөлөө үзүүлнэ. АНУ, Европын орнууд ч буурч буй төрөлтийг сэргээхгүй бол Хятадтай адил эдийн засгийн хувь тавилантай тулгарах болно.
ЦӨӨН ХҮҮХЭД, ЦӨӨН АЖИЛЛАХ ХҮЧИН
Хятад улс нь сүүлийн 30 гаруй жил "нэг хүүхэд" бодлогыг хэрэгжүүлсний ачаар төрөлт, хүн амын өсөлтийг хянасаар ирсэн. Харамсалтай нь, тус бодлогын сөрөг нөлөөгөөр хүн амын насжилт нэмэгдэж, хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан бөгөөд ажиллах хүчний тоонд нөлөөлж эхлээд байгаа нь энэ. "Нэг хүүхэд" бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн 1980-аад онд нэг эмэгтэй дунджаар 6-аас дээш тооны хүүхэд төрүүлдэг байсан бол өнгөрсөн оны байдлаар Шанхай, Бээжин зэрэг хотуудад төрөлт 0.7 болж буурчээ. Хятадад 1991 онд хүн амын тоог тогтвортой байлгахын тулд төрөлтийн харьцааг 2.1 байлгах ёстой байв. Энэ цагаас эхлэн Хятадын хүн амын огцом бууралтын мөчлөг эхэлсэн гэж үздэг бөгөөд "нэг хүүхэд" бодлогыг 2016 онд өөрчилсөн нь оройтсон арга хэмжээ болжээ. Харин өдгөө гэр бүлүүдийг гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх болсны дээр төрөлтийг дэмжихийн тулд эмэгтэйчүүдийн тэтгэмжтэй амралтыг сунгах, хүүхдийн мөнгө олгож, орон сууцын хөнгөлөлт үзүүлэх зэрэг аргыг хэрэгжүүлэх болов. Гэвч эдгээр нь өргөн хүрээнд үр дүн багатай байна.
Барууны олон хөгжингүй орноос ялгаатай нь Хятад болон Азийн бусад гүрнүүд төрөлт буурсныг нөхөхийн тулд цагаачлалын бодлого хэрэгжүүлдэггүй. Оронд нь тэд өөрсдийгөө тусгаарладаг. Тухайлбал, 2020 онд Японд цагаачдын нийт хүн амд эзлэх хувь ердөө 2 байсан бол Энэтхэгт 0.3, Хятадын хүн амын 0.1 хувийг цагаач ажилчид эзэлжээ. Гадаад хүн Хятадын иргэншил авах нь бараг боломжгүй зүйл. Эсрэгээрээ 2021 онд Германд оршин суугчдын 17 хувь нь гадаадын иргэн байсан бөгөөд тэдний 30 хувь нь амьдрах эрх авчээ.
Цөөн хүүхэд, цөөн цагаач гэдэг нь урт хугацаандаа цөөн ажилчин гэсэн үг. НҮБ-аас мэдээлэхдээ, ирэх жилүүдэд Хятадын ажиллах хүчин өөр аль ч орноос илүү хурдан агшина гэж анхааруулж байна. Ингэж хүн амын тоо буурч байгаагаас Хятадын олон жил үргэлжилсэн эдийн засгийн өсөлт удааширна гэсэн үг. Энэ бол Хятадыг дэлхийн хамгийн том эдийн засаг, давамгайлах гүрэн болгох Ши Жиньпиний амбицтай төлөвлөгөөд тулгарч буй асар том сорилт юм.
Ажиллах хүчний тоо буурч байгаа нь хэдийнэ Хятадын засгийн газрын бодлогыг өөрчилж эхэлжээ. Экспортод тулгуурласан үйлдвэрлэлийн өндөр өсөлттэй явж ирсэн Хятадын эрх баригчид ирэх таван жилийн төлөвлөгөөндөө эдийн засгийн шинэчлэлтийг оруулж иржээ. Тус төлөвлөгөө нь эдийн засгийг илүү дотоодын зах зээлд төвлөрч, илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарна. Хятад улс өмнө ажиллах хүчний давуу байдлаа ашиглан хямд өртөгтэй бараа үйлдвэрлэж, түүхий эд, эд ангиудыг импортолж, дэлхийн нийлүүлэлтийн дамжин өнгөрөх цэг байсан бол өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангахад Бээжингийн бодлого чиглэх аж.
Хүн амын өсөлтөөс хэт хамааралтай Хятадын эдийн засгийн хувьд энэ бол маш гайхалтай шилжилт. Зөвхөн үл хөдлөхийг жишээ болгон авч үзэхэд сүүлийн 20 жилд хятадууд хөрөнгийнхөө 70 хувийг үл хөдлөхөд оруулжээ. Гэтэл АНУ-д энэ үзүүлэлт дөнгөж 35 хувь байна. Барилга, үл хөдлөхийн салбар өдгөө Хятадын эдийн засгийн гарцын 25 орчим хувийг эзэлж байна. Хятад нь хоосон талд бүхэл бүтэн хотыг барьж босгож, дэлхийн цементийн нийлүүлэлтийн тав хувийг авч хэрэглэж байна. Тухайлбал, 2017 онд Хятадыд 65 сая хоосон, шинэ орон сууц байсан нь Францын нийт хүн амыг орон байраар хангахад хүрэлцэхүйц хэмжээ байв. Гэвч хүн амын тоо цаашид ч буурсаар байвал хэн эдгээр хоосон байруудад амьдрах вэ? Дэлхийн хамгийн том хэрэглэгч орны хүн ам буурвал аж үйлдвэрлэл хэрхэх вэ?, Эд хөрөнгөдөө хоргодсон өндөр настнуудыг хэн асрах вэ?
ЦАГААЧИД БОЛ АЖИЛЛАХ ХҮЧИН
Ажиллах хүч багасах нь зөвхөн Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй АНУ болон Европт нөлөөлнө. Хятадын эдийн засгийн бууралт нь дэлхийн бусад улс орнуудад ноцтой нөлөө үзүүлнэ. Хүн амын тоо нь буурч байгаа олон орны хувьд Хятадын жишээ нь муугийн ёр. Тухайлбал, Европ ч Хятадтай ижил хүн амын эргэлтийн цэгтээ ирсэн. Энэ зууны төгсгөл гэхэд Европ тивийн хүн ам 21 хувь буюу 157 саяар буурах тооцоо гарсан бөгөөд Африкийн Нигери улс ажиллах хүчний тоогоор гуравдугаарт бичигдэх болно. Дэлхийн томоохон эдийн засгуудын дундаас АНУ л хүн амын өсөлтийн эерэг үзүүлэлттэй байх хэдий ч төрөлт маш бага хэмжээнд байх болно. "Pew" судалгааны төвийн тооцоолсноор энэ зууны хоёрдугаар хагаст АНУ-ын хүн амын гуравны нэг нь буюу 100 сая гаруй хүн цагаачид болон тэдний АНУ-д төрсөн хүүхдүүд эзлэх гэнэ. "Google" зэрэг технологийн томоохон компаниудаас эхлээд "Costco" бөөний сүлжээ, жинсэн өмдний "Levi’s" брэнд хүртэл АНУ-ын 500 том компанийн 40 гаруй хувийг цагаачид эсвэл тэдний хүүхдүүд байгуулсан. Америкийн хөгжил цэцэглэлтэд цагаачдын үзүүлэх нөлөө стартапын талбарт өндөр байдаг. Ноорхойгоос баяжсан саятан эсвэл ядаж дунд ангийнхны амжилтын тухай түүх ихэвчлэн цагаачдын тухай байдаг. Үүнээс цагаачдын хувьд Америк мөрөөдөл амьд хэвээр байгааг харж болно. Гэхдээ цагаачлалын асуудал сүүлийн жилүүдэд маш их улстөржилтөд өртөх болсон. Гэвч АНУ-д хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаа тул цагаачдыг авч ажиллуулахгүй бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс АНУ-ын хууль тогтоогчид цагаачдын өмнө хаалгаа нээлттэй хэвээр байлгавал бусад орнуудтай харьцуулахад хүн амын тоо буурах хямралд бага өртөнө.
https://news.mn/r/2624675/