Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тендер бүтэлгүйтэж, Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах заалт улам бүдгэрлээ



Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"  дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголын хүрээнд шинжээчдийн танилцуулж буй зээлүүдийн нэг нь 2014 онд Хөгжлийн банкнаас Эрчим хүчний яамны “Тавантолгой нүүрсний орд газрыг түшиглэн 450 Мвт хүчин чадалтай цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангуулах” төсөлд олгосон 14.81 сая ам.долларын зээл байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар уг зээлийн үлдэгдэл 58.36 тэрбум төгрөг байгаа аж.
Уг зээлтэй холбоотойгоор гэрчээр дуудагдсан Эрчим хүчний экс сайд нарын хувьд зээл олгогдсон цаг үед ажил хариуцаж байгаагүй гэдгээ тодотгосон.
Гэхдээ салбар хариуцсан сайдын хувиар уг асуудалд анхаарал хандуулах үүрэг Ц.Даваасүрэн, Н.Тавинбэх нарт оногдож байсан. Түүнчлэн Н.Тавинбэхийн хэлж буйгаар  зээлийг огт үр дүнгүй зарцуулсан зүйл байхгүй ч, зээлийг эргэн төлөх эх үүсвэргүй болсныг хэлж байна. Эх үүсвэр бий болгох гээд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг засгаас зарласан нь ч бүтэлгүйтжээ. 
Ц.Даваасүрэнгийн хувьд уг зээлийг яах гэж авсан талаар хариулах боломжгүй гэсний сацуу Тавантолгойн станцыг барьж, Оюутолгой төсөл дотоодоос эрчим хүчээ авах асуудал хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан ч, асуудал аль аль талаас шалтгаалан удааширч өнөөдрийг хүрсэн хэмээн байр сууриа илэрхийлсэн. 
Тэрбээр, Оюутолгойг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэж шаардахаар  танай Засгийн газар өөрсдөө хийнэ гээд үүрэг хүлээсэн гэх тайлбар хэлдэг гэсэн юм. 
Тэгвэл өнгөрсөн жилүүдэд яг ямар үйл явц өрнөснийг энд сануулъя.
2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Долоодугаар зүйлд эрчим хүчний талаар тусгасан байдаг.
7.3.  Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюутүүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:
7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;
7.3.2. Гуравдагч  этгээдийн  санхүүжүүлсэн, эсхүл  барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;
7.3.3.  Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.
7.4.  Засгийн  газар  Хөрөнгө  оруулагчийг  эрчим  хүчээр  хангах  тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх  бөгөөд  Оюу  толгой  төсөлд  хангалттай  хэмжээний  эрчим  хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ гэхчлэн зохицуулалтыг тусгасан байдаг.
Гэвч энэ төслийн эрчим хүчний хүчний хэрэглээг 4 хүртэлх жилийн дотор дотоодоос хангах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан заалт хэрэгжээгүй.
Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан юм.
Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурсан.
Тухайн үед Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм” гэж байсан.
2018 оны гэрээнд “Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан. Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэмших юм.
Түүнчлэн, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судална” гэж тусгасан.
Тэгвэл 2020 оны зургаадугаар сард Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж, эрчим хүчээр Оюутолгой төслийг хангах тухай 124 дүгээр тогтоолыг гаргасан. Энэхүү гэрээнд заасны дагуу Тавантолгойн цахилгаан станцыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын ЦЭХХАГ-т байгуулахаар ажиллах, ЦЭХХАГ-ийг байгуулснаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ дуусгавар болгох ба үүнээс үүдэн Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой  нэмэлт өөрчлөлтийг оруулж, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр талууд тохиролцов” гэсэн байдаг
Тэгвэл Оюутолгойн далд уурхайн улаар огтлох малтлагын ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсний маргааш нь буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК гарын үсэг зурж баталгаажуулсан. 
Тодотгоход, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн улаар огтлох малтлагыг эхлүүлэхээс өмнө манай талд хэд хэдэн ШААРДЛАГА тавьж байсны нэг нь эрчим хүчний эх үүсвэрийн асуудал байсан юм.
Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн тайлбарыг манай талд 2021 онд ирүүлсэн байв. Түүнчлэн улаар огтлох ажлыг эхлүүлсэнтэй зэрэгцэн эрчим хүчний дээрх гэрээг талууд байгуулсан юм. 
Тухайн үед Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангаснаар  жилд 120 сая ам.доллар Монгол Улсын эрчим хүчний салбарт үлдэнэ. Цогц арга хэмжээний нэг нь 450 мВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг байгуулна. Цахилгаан станцын эхний блокийг  2024 онд ашиглалтад оруулна” гэж байлаа. 
Сануулахад, Оюутолгойг эрчим хүчээр хангах “Тавантолгойн”-н станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2021 оны аравдугаар сарын 21-нд зарласан.
Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн.
Тендерийг зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна гэж Засгийн газраас мэдэгдсэн ч, экс сайд Н.Тавинбэхийн хэлснээс үзэхэд энэ тендер бүтэлгүйтжээ. 
Уг нь засгийн зүгээс уг тендерийг хөрсөн дээр буулгаснаар Хөгжлийн банкнаас авсан зээлээс төлөх эх үүсвэрийн урсгал бий болно гэж тооцсон ч, гүйцэтгэгч шалгараагүй аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ