Манай орны уулын хээрийн болон тал хээрийн бүс нутгийн 17 аймгийн 38.6 сая га талбайд үлийн цагаан оготны тархалт хэвийн хэмжээнээс хэтэрч, нийт бэлчээрийн 34.46 хувийг эзэлж, бэлчээрийн даацыг доройтуулж байна. Тодруулбал Нэг үлийн цагаан оготно өдөрт 3.39 кг өвс, сард 101.7 кг өвс, зун-намрын улиралд 610.2 кг өвс идэж бэлчээр сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл манай орны 38.6 сая бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно жилд 4.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх бэлчээрийн ургамал, байгалийн нөөцийг идэж бэлчээрт ихээхэн хохирол учруулж байна.
Бэлчээрийн ургамалд үлийн цагаан оготны учруулж буй хөнөөл нь бэлчээрээс малын идэх өвсний хэмжээг бууруулах, малын тарга хүч авах боломжийг багасгах, зүй бус хорогдлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөөг малд, мал аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлж байна. Ялангуяа малын ашиг шимээс олох малчдын орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлэх нэг хүчин болж амьжиргааны эх үүсвэрт шууд нөлөөлж байгаа юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Газрын тухай хуулийн 2002 оны шинэчилсэн найруулгад бэлчээр нь төрийн өмч бөгөөд ашиглалт, хамгаалалтыг нь төрийн байгууллагууд хариуцан зохицуулахаар тусгасан байдаг нь бэлчээр, түүний бүрэлдэхүүнд үзүүлж буй хүний хүчин зүйлийн нөлөөг бууруулах, сөрөг үр дагавараас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газар манай улсын малын тэжээлийн хангамжийн 90 гаруй хувийг дангаар хангадаг бэлчээрийн ургамал буюу байгалийн тэжээлийн нөөцийг мэрэгч амьтан, шавжны хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрхзүйн үндэсийг харьцангуй сайн бүрдүүлсэн байдаг. Тухайлбал Улсын Их Хурлаас Ургамал хамгааллын тухай хууль, Монгол мал үндэсний хөтөлбөр зэрэг болно.
Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд сүүлийн 10 жилд гүйцэтгэсний үр дүнд нийт 6271.2 мянган га талбайг хөнөөлт мэрэгч амьтаны хөнөөлөөс хамгаалсан нь нийт үлийн цагаан оготно тархсан талбайн 15.7 хувийг эзэлж байгаа боловч нэг жилд 650-750 мянган га буюу дунджаар нийт шаардлагатай талбайн 1.4 хувьтай тэнцүү хэмжээтэй бэлчээрийн талбайд ургамал хамгааллын ажлыг зохион байгуулж байгаа нь мэрэгчдийн тоо толгойг зохистой хэмжээнд бууруулж чадахгүй байсан.
Иймээс бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2019 оны 185 дугаар тогтоолоор бэлчээр хамгаалах өдрийг зарлан үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээнд зарцуулах улс, орон нутгийн төсвийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, бүх нийтийн оролцоонд тулгуурлан ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Засгийн газрын тогтоолд жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоног болон 10 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан, Бямба, Ням гарагийг “Бэлчээр хамгаалах өдөр” болгон зарласан. Бэлчээр хамгаалах өдрийг тохиолдуулан ХХААХҮЯам 2020 онд 17 аймгийн 150 орчим сум, аймаг дундын отрын 3 бүс нутагт нийт 1.45 сая га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд зохион байгууллаа.
Энэ жил эрдэм шинжилгээний байгууллагаас судалж тэмцэх шаардлагатай гэж дүгнэсэн нийт талбайн 15.6 хувьд тэмцэх ажлыг гүйцэтгэсэн нь өмнөх жилүүдээс өндөр үзүүлэлт болж байгаа юм. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын 2020 оны гүйцэтгэл нь өмнөх оноос 150 мянган га, сүүлийн 10 жилийн дундажаас 699 мянган га талбайгаар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.
2020 оны хавар үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг орон нутгийн удирдлага, малчид, иргэдийн санаачлага, оролцоо, орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан төсвийн хөрөнгийн хуваарилалт, зохицуулалт хийгдсэн. Тэмцэх ажлын санхүүжилт, шаардагдах микробиологийн бэлдмэлийг технологит хугацаанд үйлдвэрлэж хуваарьт аймгуудад шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Тархалтын хүрээг хумих үүднээс аль болох үргэлжилсэн хил залгаа бэлчээрийг хамруулсан нь үлийн цагаан оготны шилжилтийг сааруулах ач холбогдолтой болсон. Энэхүү ажилд бүх нийтийг оролцуулан өргөн хүрээтэй зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, сумдын төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлсэн.
Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг технологийн хугацаанд нь бүх нийтийн оролцоотойгоор өргөн хүрээнд зохион байгуулж 1.45 сая га бэлчээрийн газрыг мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүлэв. Тэмцэх арга хэмжээнд микробиологийн аргыг түлхүү оруулж хамрагдсан талбайн хэмжээг өмнөх жилүүдийнхээс 2 дахин нэмэгдүүлсэн нь үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд чанарын ахиц гарч, үр дүнтэй байлаа. Малчид, иргэд, сум, багийн түвшний төрийн байгууллагын албан хаагчдад бэлчээр нутгаа хамгаалах сэтгэлгээ төлөвшиж өөрсдөө оролцож хяналт тавих зэрэг зөв хандлагатай болж байна.
Шуурхай.мн