УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлын өнөөдрийнхөд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, өнгөрөгч долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан хуулиудын талаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ үеэрээ нүүрсний хулгайг урт хугацаанд цэгцэлж, ил тод, нээлттэй харилцаанд оруулж, үр ашигтай болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуультай холбогдуулан 2012 оноос хойш төрсөн хүүхдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшүүлэхэд чиглэсэн тогтоолыг хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо ажиллаж байгаа болохыг хэлсэн юм. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийг баталсанаар 1600 гаруй тусгай зөвшөөрлийг цэгцэлж, 362 болгосон. Ингэснээр хувийн бизнес эрхэлж буй иргэдэд учирч буй хүнд суртал, дарамт шахалт арилна.
Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилго бүхий “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэсэн гэлээ.