2022оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Дундговь аймгийн хэмжээнд төсөвт байгууллага болон аж ахуй нэгж байгууллагын даатгуулагчдын тоо өсөж, сайн дурын даатгуулагчдын тоо буурчээ. Аймгийн НДХ-ийн мэдээлснээр 11 дүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын санд 56.4 тэрбум төгрөг төвлөрч, 54.7 тэрбум төгрөгийн зарлага гарчээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус сангийн орлого 45,7 хувиар, зарлага 40,5 хувиар тус тус өссөн байна. Тухайн сарын байдлаар нийгмийн даатгал төлөгчөөр бүртгүүлсэн 10305 хүний 23,0 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, 41,7 хувь нь төсөвт байгууллага, 35,3 хувь нь сайн дурын даатгуулагч байгаа аж. Нийгмийн даатгалын сангаас энэ хугацаанд 49.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосны 86,0 хувийг өндөр настны, 8,5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2,5 хувийг тэжээгчээ алдсаны, 3,0 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 8182 байгаа бөгөөд тэдгээрийн 85,3 хувь нь өндөр настан, 9,9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2,8 хувь тэжээгчээ алдсан, 2,0 хувь нь цэргийн тэтгэвэр авагчид байдаг. Тус аймгийн хэмжээнд тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагч 1945, Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч 25, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 279 хүн байгаа аж. Тухайн сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд 13749 даатгуулагч шимтгэл төлж, тэдгээрийн 56,5 хувийг төр хариуцах иргэд, 34,4 хувийг малчид, 2,5 хувийг оюутан суралцагсад, 6,6 хувийг аж ахуй нэгжийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн эзэлж байна.
Даатгуулагч даатгалаа тасралтгүй, хугацаандаа төлснөөр тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх ба хугацаа хоцроосны алданги төлдөггүй. Сайн дурын даатгалын шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг байгаа бол 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхчүүдийн сайн дурын даатгалын шимтгэлийн хэмжээ 26250 төгрөг байна.