Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халзан бүргэтэйн халуун цэг буюу гангар шаазан шиг “Үндэсний аюулгүй байдал”


Халзан Бүргэтэй болвоос Хотгойдын, Ховдын Мянгадуудын минь “Бурхан халдун” бөгөөд сүсэг бишрэл, итгэл үнэмшлийнх нь гал дөл болсон догшин хайрхан юм шүү гэдгийг аав минь хэлж захидаг байсан. Харин одоо би “Халзанбүргэтэй бас хагалж, эмтэлж болохгүй гангар шаазан шиг улс үндэстний минь аюулгүй байдал мөн” гэдгийг сануулахыг хүслээ.
Манжийн эсрэг мохошгүй тэмцсэн Чингүнжавын мянган морьтон үр сад, “Мянгадын мянган морьтон” эсэргүүцлийг үзүүлэхэд хүрсэн шалтгаан нь “Том” байна. Баруун аймгуудыг хангах цементийн үйлдвэрээ бахархалтайгаар барьж байгуулж,  эдийн засгийн, эрчим хүчний тусгаар тогтнолдоо Эрдэнэбүрэнгээ хүртэл зориулж чадсан энэ ард олон, улс орны тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшилийн аль алинд нь ч түүчээлж ирсэн түүхэн гавьяатай.
 Улс Монголын маань уул алтайгаас эхтэй цэвэр усны ихээхэн нөөц, хатан Хар ус нуурынхаа хаяа манан орших Халзан бүргэтэйд газрын ховор элементийн гайхалтай нь ч бий, гайтай нь ч бий гэх. Энэ бол олон жилийн хайгуулын явцад нутгийн иргэдэд мэдрэгдсэн “аксиом” буюу нотлох албагүй гашуун үнэнээр ч, нотолгоо, баримт, судалгаагаар ч мэдэгдсэн л асуудал. Тэгэхээр Халзанбүргэтэйд минь хайгуулаар халхавчлан ашиглалтын өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа лиценз эзэмшигч бээрт, “Сахал үсээ ургуулж савдагтай нь элгэмсэж аргадах гээд ч нэмэргүй” гэж хэлэх хэд хэдэн шалтгаан байна.
Халзанбүргэтэй бол “Хариуцлагатай уул уурхайн байршил”огтхон ч биш бөгөөд, ашиглалтын үйл ажиллагаа нь тогтвортой хөгжлийг хангасан хариуцлагатай үйл ажиллагаа болж нэгээхэн ч чадахгүй гэдэг нь нэн тодорхой. Нам дамнасан та бүхний наймаа арилжааны хувьд “Ашигтай том гүйлгээ” байж болох ч,улс орны аюулгүй байдлуудын язгуур үндэст хор хүргэнэ гэдгийг ард иргэд ч, мэргэжлийн хүмүүс ч тэр мэдэхийн дээдээр мэдээд байна. Та бидний сайн мэдэх Буриадын Байгал нуур, Кыргызийн Ыссок кол нуураас эхлээд л Италийн Гарда, Францын Аннеси, Кенийн Накуру гээд олон үзэсгэлэнт нууруудын ойр орчимд уул уурхайн олборлолт хийдэггүй. Харин зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр л ашиглаж байна. Тэр ч бүү хэл Хорватчууд Плитвис нуураа Юнеско-ын дэлхийн соёлын өвд оруулсан байх юм.
Гэтэл эх болсон зургаан зүйл, хамаг амьтны эсрэг үйл лай үйлдэж, Халзанбүргэтэйг минь хачин муухай цоохорлоод эхэлсэн байна. Нутгийн минь уулс Алтайн нурууны цоохор ирвэс шигээ атирч нэг, архирч нэг санагдах нь, энгэр бэлээр нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэдийн маань хүрхрэлтээс төвөггүй сонсогдож байна.  Манжийн дарлалыг сөрж чадсан Мянгадууд, Ховдчууд  21-р зууны ардчилсан хэмээх Монгол орондоо ахиад л, дахиад л тэмцэж таарахнээ дээ.
Ухуулж зовох, ухрааж буцаахын алинд нь ч агаар, хөрс, ус, хүн, мал гээд хор нөлөөлөл нь Ховдоороо ч хязгаарлагдахгүй гэдэг нь нэн тодорхой юмаа. Ухаж төнхөх дургүй, ургуулж үржүүлдэг хөдөлмөрч, хичээнгүй, баатарлаг олон ястан ард түмний минь үндэс язгуурт нь ч, үр жимсэнд нь ч сөрөг нөлөө үзүүлж л таарна.
Тийм учраас л чамд зогс гэж хэлье. Чамайг зогсоогоод орж ирэхийг санаархагч байвал, дараагийн чи ч бас хэрэггүй. Та нарын биеийн талаас дээш хувь нь уснаас бүрдсэн шиг, Халзанбүргэтэйн хажууд нь мэлтэлзэх Хар ус нуур бол,Монголыг минь бүтээсэн цэвэр усны нөөц өгөгдөл юм.
Алтайн уулсын догшин сүүдэртэй, аварга том загаснуудтай,аймаар гүнзгий, аюулын хүйтэн гээд л төсөөл.Чи зогс. Чингүнжав сэрж байгаа шиг, Галдан сэрнэ, Аюуш босно.
Ховд аймгийн Мянгад сумын уугуул, сэтгүүлч Жарантайн Соёл-Эрдэнэ
Эх сурвалж: www.polit.mn
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ