Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Түүхий нүүрснээс татгалзаад нэг жил өнгөрөв


Жилийн жилд утааны асуудал нийслэлчүүдийг бухимдуулж, агаарын бохирдлын улмаас эндсэн нярай, амьсгалын замын хүнд өвчин туссан иргэдийн судалгааг гаргавал нэлээд олон оронтой тоо гарах нь тодорхой. Агаарын бохирдолтой анх 2008 оноос тэмцэх ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг.Тухайлбал, 2008-2019 оны хооронд төсвөөс 170 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 279.3 тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулжээ. Гэвч ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Харин яг нэг жилийн өмнө нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзах шийдвэрийг дагаж эхэлсэн юм.
 
Агаарын бохирдол энэ өвөл 45 хувиар буурсан
2018 онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоол гаргаж, 2019 оны тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн нь агаарын бохирдолтой тэмцэхийг хичээсэн олон ажлуудаас хамгийн бодитой нь болсон гэж олон нийт үнэлсэн.  Энэ үеэс түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах, сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх ажил эрчимжин, гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангах ажил нийслэл даяар өрнөсөн.
 
Өнгөрсөн өвлийн хувьд идэр есийн хүйтэн эхлэхэд утаа багассан юм уу даа гэх эргэлзсэн нэгэн байхад нүдэн баримжаагаар нээрээ багасчихсан ч юм уу даа гэх нэг нь ч байлаа. Эргэлзээг тайлах зүйл нь агаарын бохирдлыг илэрхийлэх тоон үзүүлэлт. Өнгийн харвал утааны оргил үе буюу арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувиар, PM10 тоосонцор 43 хувиар, PM2.5 тоосонцор 38 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарч, Улаанбаатарын утаа нэг хэсэгт нь ашиг, бизнес байхаа болих цаг ирсэн гэхэд хилсдэхгүй.
Харамсалтай нь түлшийг тараахаас урьтаж зуухны зөв хэрэглээний талаар мэдээлэл, мэдлэг хомс байснаас үүдэн мөн л угаартах ослууд гарч өнгөрсөн аравдугаар сарын байдлаар л гэхэд 12 хүний амь эрсдэж, олон мянган хүн угаартсан гэсэн дуудлага өгч байсан. Тухайн үед ердийн зууханд сайжруулсан түлшийг хэрэглэх боломжгүй биш боломжтой хэмээн албаныхан мэдээлж, хамгийн гол нь иргэд зуухаа сайжруулж, галлагаагаа зөв хийх ёстой гэв. Гэтэл иргэд мэдээлэлгүйгээсээ болж асуудлууд удаа дараалан гарсаар байв. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан гэр хорооллын айл өрхөөр явж түлшийг зөв хэрэглэх, зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байсан билээ.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг нь дэмжих зорилгоор дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй, үнийн хөөрөгдөлгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд нийслэлийн хэмжээнд 400 гаруй түлш борлуулагчтай хамтран ажиллаж байна. Сайжруулсан түлшийг борлуулсан нэг тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ нэг тонны үнийг 150 мянган төгрөг байхаар тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Иймд сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан” гэдгийг хэлж байсан.
Ямартай ч Засгийн газар утааг арилгаж болдог юм байна гэсэн итгэлийг иргэдэд өгч, сайжруулсан шахмал түлшний хоёрдогч том үйлдвэрээ  одоо барьж байгаа юм. Энэ сайжруулсан шахмал түлшний үйлдвэр дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна олон улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилго тавьсан байна. Олон улсын зах зээл дээр сайжруулсан шахмал түлш гангийн үйлдвэрийн гол  түүхий эд болдог. Томоохон гангийн үйлдвэрүүд коксжсон нүүрснээс илүүтэйгээр сайжруулсан шахмал түлш авах  болжээ. Манай улсаас шахмал түлш авахаа Энэтхэг, Бангладеш, Япон зэрэг улсууд илэрхийлжээ. Засгийн газар эхний ээлжинд Энэтхэг улс руу тэрбум ам.долларын төлбөрт сайжруулсан шахмал нийлүүлнэ гэсэн мэдээлэл байна. Зах зээл дээр сайжруулсан шахмал түлш тонн нь 2000 евро хүртэл хүрдэг аж.
 
Д.Миняа: Анхны өвлийг амжилттай давлаа, мэдээж эхний жил алдаа оноо байсан 
“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжээд бид анхны өвлийг амжилттай давлаа гэж хэлж болно. Мэдээж эхний жил алдаа, оноо байсан. Гэхдээ ямар ч байсан бид түлшийг үйлдвэрлэлийнхээ хүчин чадалд тулгуурлан үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэлээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 400 орчим цэг ажиллан түүхий нүүрсийг халж, шинэ хэрэглээг хүмүүст таниулан ойлгуулж сурталчлах, түлшийг хангалттай нийлүүлэх тал дээр ажилласан. Энэ жилийн хувьд илүү сайжруулахын тулд өвлийн бэлтгэл ажлыг эртнээс сайн хангаж ажиллахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд түүхий нүүрсний оронд шахмал түлш хэрэглэсэн. Гэхдээ тэд маань өөрсдийн нөөцөө голдуу борлуулалтын цэгүүдээс авч байсан. Энэ нь айл өрхүүдэд очих ёстой түлшний нөөц багасахад хүргэсэн гол шалтгаан болсон. Харин энэ жилийн хувьд бид аж ахуйн нэгжүүдийг эртнээс буюу тавдугаар сараас эхлэн зуны турш, намраас өмнө түлшийг нь татуулах чиглэлээр ажил хийж байна. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш” компани, аж ахуйн нэгжүүд гэсэн гурван талт гэрээ байгуулж зуны турш тэднийг түлшээр хангахаар болж байгаа. Ингэснээр намар борлуулалтын цэгүүдэд зөвхөн айл өрхүүдийн хэрэглээнд зориулсан түлш зарагдана. Нийтдээ 2800-аад аж ахуйн нэгж бий. Үүнээс гадна нийтийн байр, нийтийн халуун усны газар зэрэг томоохон байр эзэмшдэг хувь хүмүүс олон бий. Эдгээр хүмүүсийн хэрэглээ, нөөцийг энэ зундаа ингэж шийдэхээр болсон. Энэ жил сайжруулсан түлшийг түлэх хамрах хүрээ тэлж байгаа. Налайх дүүрэг, Гачуурт, Биокомбинат, Шувуун фабрик, Партизан, 61-ийн гарам зэрэг газрууд нэмэгдэх аж. Хэрэглэгчиддээ улам ойртож, чирэгдэлгүй үйлчлэхийн тулд цэгээ зөв, оновчтой газар байгуулж ажиллах шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Энэ бүхнийг харгалзаад цэгүүд тавь орчим хувиар нэмэгдэх магадлалтай” гэдгийг хэллээ.
 
Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээгээ үргэлжлүүлж,  эрчээ алдалгүй цаашид ч үргэлжлүүлвэл олон жил улиг болтол яригдсанутааны асуудалд цэг тавьж чадна.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ