Аравдугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэргүүдийг тээвэрлэж явсан машин осолдож, зургаан цэрэг эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл бий.
Энэхүү ослын талаар өнөөдөр /2022.10.18/ Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн тайлбар өглөө.
Тэрбээр “Улс орон даяар цэрэг татах, халах ажиллагаа явагдаж байгаа. Өчигдөр 306 дугаар анги Хэнтийгээс 15 алба хаагч, нэг офицер нэг ахлагчтай явж байсан машин Түмэнцогт сумаас 40 км-ын зайд осолдсон.
Осол гарсан шалтгаан нь машины руллын аппарат хагараад машин хажуулдсан байна. Дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэрэг гэмтэл авсан. Урд шөнө шуурхай бүлэг яаралтай тусламж очиж ажилласан. Хэнтий аймагт авчирч тэнд нь эмчлэх бололцоотой гэсэн.Цэрэг тээвэрт тэвштэй машин хэрэглэхийг хориглож байгаа.
Бүтэн сайн өдөр мөн зургаан цэрэгтэй манай фургон машин явж байгаад цап нь хагарсны улмаас осолдсон. Цэргүүд гэмтэл бэртэл аваагүй ч хол замд ихэвчлэн хээр хонож байна. Тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүйгээс үүдсэн асуудлууд мөн бий. Цаашид хяналт шалгалтаа сайжруулна" гэсэн юм.